ДЭЛХИЙН ДАУНЫ ӨДРИЙН ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭНД МОНГОЛЫН ДАУНЫ ХОЛБООНЫ ТЭРГҮҮН В.ГАНЗОРИГ ИЛТГЭЛ ТАВЬЖ ОРОЛЦЛОО

Өнөөдөр Женев хотноо Дэлхийн дауны өдрийг тохиолдуулан Ази, Номхон далайн бүсийн дауны холбооноос БНЭнэтхэг Улсаас Женев дэх НҮБ-ын төв, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газартай хамтран тусгай арга хэмжээг зохион байгууллаа. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011 онд 3 дугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн дауны өдөр болгон тунхагласан ба дэлхий нийт дауны хам шинжийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, нийтэд эерэгээр таниулах үүднээс 2012 оноос хойш энэхүү өдрийг өргөнөөр тэмдэглэж ирсэн.

Эл өдрийн арга хэмжээнд Монголын дауны холбооны тэргүүн, Тусгай олимпийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн В.Ганзориг илтгэл тавьж оролцлоо. Тэрээр илтгэлдээ юуны өмнө Монголын дауны холбоо нь 11 жилийн өмнө байгуулагдаж, өнгөрсөн хугацаанд дауны хам шинжтэй хүмүүсийг нийгмийн бүрэн эрхт гишүүн болгож хөгжүүлэх, чингэхдээ нийгмийн амьдралд эрх тэгш оролцдог татвар төлөгч иргэнийг төлөвшүүлэх зорилго тавин ажиллаж ирснийг тэмдэглэсэн.

Энэхүү зорилгынхоо хүрээнд эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт гэсэн 3 үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба хөдөлмөр эрхлэлт нь хамгийн тулгамдсан асуудал болохыг тэрээр онцлон дурдав. Дауны хам шинжтэй хүүхдүүд өсөж том болоход эцэг, эх нь өтөлж, ихэнх тохиолдолд тэднийг харж хамгаалах хүнгүй болох эрсдэл тулгардаг. Харамсалтай нь дауны хам шинжтэй хүмүүст үйлчилгээ үзүүлэх байгууллага байдаггүй. Иймээс эдгээр хүмүүс бие даан бусдаас хараат бусаар амьдрах гарц нь хөдөлмөр эрхлэлт юм. Монголын дауны холбооноос мэргэжил олгох сургалтуудыг санаачлан зохион байгуулж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан боловсон хүчнийг бэлтгэж байгаа ажээ.

Дауны хам шинжтэй хүмүүсийн хувьд “баярлалаа” гэсэн талархлын үгийг сонсох нь хамгийн чухал бөгөөд хөдөлмөр эрхлэлт нь зөвхөн цалин авах бус тэднийг нийгэмшүүлэхэд чухал үүрэгтэй болохыг В.Ганзориг онцлон хэлсэн.  Үүнтэй холбогдуулан тэрээр цаашид хувийн хэвшлийхэн, ажил олгогчид төдийгүй бусад хүмүүсийн дунд дауны хам шинжийн талаар ойлголт, мэдлэгийг түгээж нийгэмд эерэгээр таниулахын чухлыг тэмдэглээд Улаанбаатар хотноо байрлах Шангри Ла зочид буудал нь дауны хам шинжтэй хүмүүсийг авч ажилуулсан хамгийн анхны байгууллага болохыг мэдээлэв. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэнээр дауны хам шинжтэй хүмүүсийг нийгэмшүүлэх, тэдний хүний эрхийг хамгаалах чиглэлээр дорвитой үр дүнд хүрэх боломжтой ажээ.

В.Ганзориг илтгэлдээ ивээн тэтгэгчид, хувийн хэвшлийхэнтэй мөнгө босгох, ажлын боломж судлах зорилгоор олон удаа уулзаж ярилцаж байснаа дурдаад, харамсалтай нь дауны хам шинжийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэг дутмаг байгаа нь эдгээр хүмүүс хөдөлмөр эрхлэхэд саад болж байгааг онцлон тэмдэглэсэн.

Тэрээр илтгэлийнхээ төгсгөлд гол асуудал нь дэлхий дахинаа буй 200 сая гаруй дауны хам шинж зэрэг оюуны бэрхшээлтэй хүмүүст бус бид бүхний тэдний талаарх өрөөсгөл ойлголтод оршиж байна гээд олон улсын хамтын нийгэмлэг нь чадавхийг бэхжүүлэх, шаардлагтай санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, манлайллыг бий болгох зэргээр эдгээр хүмүүсийн хүний эрхийг хамгаалахын төлөө хамтран ажиллах ёстой гэв.

Эл өдөр мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцийн хорооноос “Хэнийг ч үл орхигдуулах” сэдэвт дауны хам шинжтэй хүмүүсийг эрхийг хамгаалах асуудлаарх арга хэмжээг Женев хотноо зохион байгуулсан болно.