FESPO ҮЗЭСГЭЛЭНД ЗОЧЛОХЫГ УРЬЖ БАЙНА

Fespo 2019

 

Швейцарын Холбооны Улсын Цюрих хотноо жил бүр зохион байгуулдаг олон улсын аялал жуулчлалын “FESPO” үзэсгэлэн 2019 оны 1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 3-ны өдрүүдэд болно. Үзэсгэлэнд Монгол Улс анх удаа зочин орноор оролцохоор төлөвлөж байна.

 

Энэ талаар ШХУ-ын www.travelnews.ch аялал жуулчлалын мэдээний цахим хуудаст 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гарсан мэдээнд “Сүүлийн 10 жилийн хугацаанд Ази тивээс зочин орон оролцоогүй бөгөөд Монголыг зочин орноор оролцуулснаар Чингис Хааны эзэнт гүрний тухай илүү ихийг мэдэхийг олзуурхаж, тэсэн ядан хүлээж байна гэж тус үзэсгэлэнг зохион байгуулагч Стефан Амстад хэллээ” гэж дурдсан. Түүнчлэн, “монголчууд дэлхийн талыг эзэлж байсан түүхтэй бөгөөд энэхүү нүүдэлчид хүн, байгалийн амин холбоог домог болгон үе дамжуулан үлдээж, хөөмий, уртын дуугаараа амьдралын гүн ухаан, ард түмний онцлогийг илэрхийлж ирсэн” гэж онцолжээ.

 

ШХУ-д амьдарч байгаа нийт монгол иргэдийг үзэсгэлэнг өргөнөөр үзэж сонирхохыг урьж байна. Үзэсгэлэн үзэх тасалбарыг https://online.bernexpo.ch/webshop/108/tickets?_ga=2.94832281.424245983.1545036551-546399297.1542924119 цахим хаягаас авах боломжтой.