ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 71 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНЫ ҮЕЭР ҮГ ХЭЛЭВ

5 (2)

Женев хотноо чуулж буй Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулганы 2 дахь өдрийн Нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Хүн бүрт эрүүл мэнд: Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг хэрэгжүүлэх нь” сэдвээр Монгол Улсын Засгийн газрын баримталж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар үг хэлэв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулганд хүрэлцэн ирсэн хүн бүхэнд хүндэтгэл илэрхийлье!

ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Тедрос Гебрейесус гишүүн орнууддаа хандан “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг эрчимжүүлэх дэлхийн хөдөлгөөн”-д нэгдэхийг уриалсан билээ. Энэ удаагийн ассамблей ч энэ уриалгын үргэлжлэл болж байгааг бид талархан хүлээн авч, дэмжиж байгаа билээ.

Монгол Улсын Парламент Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг батлан 2030 онд хүрэх зорилтоо тодорхойлсон билээ. Энэхүү баримт бичигт эрүүл мэндийн чиглэлээр 4 үндсэн зорилт дэвшүүлсэн. Үүнд:

– Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцлийг хангаж, урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог бүрдүүлж, дундаж наслалтыг 78-д хүргэх,
– Эх, нялхсын эндэгдэл, хоол тэжээлийн дутагдлыг бууруулах,
– Халдварт болон халдварт бус өвчний тархалтыг бууруулах,
– Халдварт өвчний тандалт, сэргийлэлт, бэлэн байдлыг хангах, тархалтыг бууруулах.

Монгол Улсын Ерөнхий сайд Парламентын чуулганы хуралдаанд Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд хүрэх үйл ажиллагааны талаар бие даасан мэдээллээ хийсэн нь Засгийн газар энэ асуудалд онцгой анхаарч буйн илэрхийлэл байлаа. Манай улсын хувьд эрүүл мэндийн бүх нийтийн хамралт 63 хувьтай байна. Иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд халааснаасаа гаргах төлбөр 42 хувьтай байна. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд, 3 хүн тутмын 1 нь ядуу байгаа үед энэ нь санхүүгийн томоохон дарамт юм. Тиймээс Засгийн газар эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн тусламж үзүүлэх цар хүрээ, багцыг өргөжүүлж байна. Тухайлбал, бүх нийтийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг даатгалын сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлэх, элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 100 хувь улсын төсвөөс зардлыг нь дааж байна.

Манай улс элэгний В, С вирусын гаралтай элэгний хатуурал, элэгний хавдрын шалтгаантай нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Тиймээс Засгийн газар 2020 он гэхэд элэгний С вирусыг устгах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байна. Илрүүлэг шинжилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцаж байгаа бөгөөд эмчилгээний эмийн үнэнд 60-100 хувь хөнгөлөлтийг мөн сангаас үзүүлж байна.

Манай улсын өвөл хүйтэн болдог бөгөөд ид үед ээцельсийн -50 хэмд хүрдэг. Дээр нь түүхий нүүрсний хэрэглээнээс үүдсэн агаарын бохирдол нэмэгдэж, жил бүр томуу, томуу төст өвчний дэгдэлт улс орныг хамарч, үүнд хүүхдүүд ихээхэн өртдөг. Энэ үед 0-5 насны хүүхдүүдэд шаардлагатай эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлж байна.

Цаашид бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг нэмэгдүүлэх, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад ирдэг санхүүгийн дарамтыг бууруулахад ихээхэн чармайлтыг гаргах хэрэгтэй байгаа.

Манай улс 3.2 сая хүн амтай, 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Иргэд нь энэхүү газар нутагтаа тархан суудаг. Алслагдсан орон нутагтаа мал маллан суудаг ард иргэддээ эмнэлгийн тусламж үйлчилгээ хүргэх, орлого багатай иргэддээ хүрч үйлчлэхэд зохион байгуулалттай ажиллах, шинэлэг арга барил нэвтрүүлэх, санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх зэрэг тулгамдсан асуудал бий.

Эрүүл мэндийн бүх нийтийн хамралтыг ажил хэрэг болгоход ДЭМБ, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын байнга оруулсан хувь нэмэрт бид ихээхэн талархдаг. Та бүхэнтэйгээ хамтрана жиллаж, та бүхний хуримтлуулсан туршлага, ДЭМБ-ын тусламж, зөвлөмжид тулгуурлан хүрсэн түвшнээ ахиулж, амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Хүн бүхэнд эрүүл энхийг хүсье!

Анхаарал тавьсанд баярлалаа!”