ШАГНАЛ ГАРДУУЛАВ

IMG_2913

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд В.Пүрэвдорж Берний Их Сургуулийн  Хүмүүнлэгийн факультетийн Шашны түүхийн институтийн дэд захирал, монгол судлалын профессор х.Коллмар-Пауленз-д “Алтан гадас” одон гардуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны 148 тоот зарлигаар Европ дахь монгол судлал, монгол судлалын залуу хойч үеийг сургах үйл хэрэгт оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Проф.Коллмар-Пауленз-д “Алтан гадас” одон гардуулахаар шийдвэрлэсэн юм.

Берний Их Сургуульд монгол судлалын сургалтыг 1999/2000 оны хичээлийн жилээс эхэлсэн бөгөөд одоогоор 20 орчим швейцарь болон бусад орны оюутан Монголын шашин судлал, сонгодог монгол хэлний чиглэлээр бакалавр, магистерийн зэрэг горилох хөтөлбөрт хамрагдаж байгаагаас гадна докторын болон докторын дараагийн зэргийн сургалтад 3 оюутан суралцаж байгаа ажээ.

Тус сургуульд монголын мэдлэгийн соёл, XIII-XX зууны үеийн Монголын соёл, шашны түүх, XVII-XXI зууны Монгол-Төвдийн харилцаа холбоо болон Ганжуурын түүхийн чиглэлээр сургалт, судалгааны ажил хийгдэж байгаагаас гадна сонгодог болон орчин цагийн монгол хэл, төвд мөн санскрит хэлний хичээл зааж байна.

IMG_2952