Европ дахь Монголчуудын дунд “Швейцарийн цом-2016” шагайн харвааны аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Швейцарийн Холбооны Улсын Гланд хотноо зохиогдов

3

Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Женев дэх “GM-STAR” спорт клуб Европ дахь Монголчуудын дунд “Швейцарийн цом-2016” шагайн харвааны аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг Швейцарийн Холбооны Улсын Гланд хотноо 2016 оны 3 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав.

Тус тэмцээнд Швейцарь, Франц, Бельги, Чех, Герман, Их Британи зэрэг улсаас хүрэлцэн ирсэн 6 багийн 40 орчим мэргэн харваачид багийн болон хувийн цуваа харваагаар цэц мэргэнээ сорьсноос Бельги Улсаас хүрэлцэн ирсэн Ч.Мөнхбаатар (Аймгийн гоц мэргэн) ахлагчтай “Эрхий мэргэн” баг Тэргүүн байр эзэлж Цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлсээр шагнууллаа. 2-р байранд Франц Улсаас хүрэлцэн ирсэн В.Ганзориг ахлагчтай “Цэц” баг, 3-р байранд мөн Франц Улсаас хүрэлцэн ирсэн У.Мөнхбүрэн ахлагчтай “Дөрвөн бэрх” баг тус тус орж мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлсээр шагнагдлаа.

Мөн тэмцээний Хувийн цуваа харваанд 20 орчим харваачид өрсөлдсөнөөс Монгол улсын мэргэн Б.Батхуяг түрүүлж, Монгол улсын дэд мэргэн Ё.Чүлтэмбаяр 2-р байр, Залуу харваач Д.Чинзүрх 3-р байр эзлэн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.

Тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Женев дэх Монгол иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан “GM-STAR” спорт клуб ажилласан ба хамтрагч, дэмжигч байгууллагаар Монгол улсаас ШХУ-д суугаа ЭСЯ, Женев дэхь Монгол хүүхдийн Зөвлөл, Женевийн Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөл, Швейцарь Монголын нийгэмлэг зэрэг байгууллагууд оролцлоо.

1

2

4

  5