ГАДААД ХЭРГИЙН САЙД НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛД ҮГ ХЭЛЭВ

НҮБ-ын Женев дэх төвд айлчилж буй Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ 3 дугаар сарын 5-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 28 дугаар чуулганы өндөр түвшний хуралдаанд оролцож, үг хэлэв.

Гадаад хэргийн сайд хэлсэн үгэндээ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нь 2006 онд байгуулагдсан цагаасаа хойш хүний эрх, үндсэн эрх чөлөөг баталгаажуулах чиглэлээр хүлээсэн үүрэг хариуцлагаа үр дүнтэй хэрэгжүүлж ирснийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс сайшаан тэмдэглэв.

Сайд Л.Пүрэвсүрэн түүнчлэн хүний эрхийг дэмжин, хамгаалах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний мэдээлэв. Тухайлбал, хүний эрхийн чиглэлээр олон улсын 30 гаруй гэрээнд, түүний дотор үндсэн 7 гэрээнд нэгдэн ороод байгаа бөгөөд Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколыг 2014 онд соёрхон батласныг дурдсан болно.

Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын үндэсний анхдугаар илтгэлийг Хүний эрхийн зөвлөлөөр 2010 онд хэлэлцүүлэх үеэр тус зөвлөлөөс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд манай улс онцгой анхаарч ажилласныг тэмдэглэж, улмаар хоёрдахь удаагийн илтгэлээ Хүний эрхийн зөвлөлөөр энэ оны 5 дугаар сард хэлэлцүүлэх гэж байгааг мэдэгдэв.

Монгол Улсын Засгийн газраас анх удаа НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын албанд сайн дурын санхүүгийн хандив өгснийг тэмдэглэн уг байгууллагын үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллахыг бусад улс орнуудад уриалав.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улс ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалахад тулгарч буй сорилт-бэрхшээл, хүрсэн амжилт, туршлагаа бүсад улс орнуудтай хуваалцах чиглэлээр өөрийн зүгээс санаачлага гарган ажиллаж байгааг дурдав.

Эцэст нь Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт оруулж буй хувь нэмрээ нэмэгдүүлэх зорилт тавин, 2016–2018 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллахаар нэрээ дэвшүүлээд байгааг Сайд Л.Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэж, манай улсад дэмжлэг үзүүлэхийг НҮБ-ын нийт гишүүн орнуудаас хүсэв.