Гадаад хэргийн сайд зэвсэг хураах бага хуралд үг хэлэв

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Женев хотноо Зэвсэг хураах бага хурал /ЗХБХ/-ын чуулганы өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэлэв. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улс зэвсэг хураах, ялангуяа цөмийн зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх зорилтыг урагшлуулахын төлөө дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг бүрэн дэмжиж буйг дурдаад, эл зорилтыг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх учиртай ЗХБХ-ын үйл ажиллагааг он удаан жилийн гацаанаас гаргах, сэргээн идэвхжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

Үүнтэй холбогдуулан уг Бага хурлыг одоогоор даргалж буй гишүүн орны хувьд Монгол Улсын зүгээс гаргаж байгаа тодорхой санал санаачилга нь хурлын ажиллагааг идэвхжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн тэрээр Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний хэрэгжилтийг бүрэн хангах, Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээг хүчин төгөлдөр болгоход олон улсын хамтын нийгэмлэг бүх талын хүч чармайлт тавьж ажиллах нь чухал байгааг тэмдэглэв. Гадаад хэргийн сайд хэлсэн үгэндээ цөмийн зэвсгээс ангид бүсүүд нь дэлхий нийтийн болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх, улмаар цөмийн зэвсэг хураах зорилтыг ахиулахад тус дөхөм үзүүлж байгааг тэмдэглээд энэ үйл явцад Монгол Улс өөрийн хувь нэмрээ оруулж ирсэнийг цохон дурдав. Гадаад хэргийн сайд Монгол Улс Зэвсэг хураах бага хурал даргалж буй хугацаанд ийнхүү дэлхийн нийтийн энх тайван, аюулгүй байдлын цөм болсон зэвсэг хураах асуудлаар олон талт яриа хэлэлцээ хийх энэхүү форумд оролцож үг хэлсэн нь чухал ач холбогдолтой боллоо. ЗХБХ-ын чуулганы өндөр түвшний хуралдаан энэ 3 дугаар сарын 2-10-ны өдрүүдэд явагдаж буй бөгөөд үүнд Их Британи, ХБНГУ, ОХУ, БНСУ, Мексик, Япон, Турк, Швед, Ирак, Недерланд мөн БНАСАУ зэрэг нийт 31 орны Гадаад хэргийн сайд, дэд сайд нар оролцож байгаа юм. Монгол Улс ЗХБХ-ыг 2015 оны 2-3 дугаар сард даргалж байгаа болно.